Богд хааны ордон музейн виртуал аялал

“Билгийг хөгжүүлэн бадруулагч”/Шаравпэлжээлин/ нэртэй цогцолборыг 1893-1903 оны хооронд Монголын шарын шашны тэргүүн YIII Богд Живзундамбад зориулан барьжээ. XYI зууны хоёрдугаар хагасаас Монголд шарын шашин түгэн дэлгэрч улмаар XYII зууны дунд үеэс XXзууны эхэн хүртэлх хугацаанд Монголын шарын шашныг дэлхийн сээр нуруу болсон Монгол Төвдөөс тодорсон Дарнатын хувилгаан Богд Живзундамбын найман дүр тэргүүлж ирсэн билээ. Дарнатын хувилгааны 23 дахь дүр болох YIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинням нь 1869 онд Лхас хотод төрсөн. 1871 онд Богд Живзундамбын 8 дахь дүрээр тодорсон хийгээд 1874 онд Халх Монголд залагдан ирж Богд гэгээний сэнтийд заларсан. 1911-1919 онд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээлшгүй эрхт Нарангэрэлт түмэн наст эзэн хаанаар өргөмжлөгдөж,1921-1924 онд /Ардын хувьсгалын дараа/шашны асуудал эрхэлсэн хэмжээт эрхт хаан гэгдэж байгаад мөн оны хавар 55 настайдаа өвчний улмаас таалал төгсжээ.1926 онд Ардын Намын Төв хороо,Засгийн газар улсын музейг тохижуулах товчоог байгуулсан бөгөөд 1926 оны 4-р сарын 1-ны өдрийн тогтоолоор Богд хааны эзэмшилд байсан түүх,соёл урлагийн ховор сонин зүйлийг музейд шилжүүлэн авчээ. Одоогийн Богд хааны ордон музей нь Зуны мөргөлийн сүмүүд болон Өвлийн ордон гэсэн 2 хэсгээс бүрддэг. Үүнд: Дорно дахины ч монгол хийц бүхий бурхны шашны мөргөлийн Махранзын, Зээгт наамал, Танка/уран зургийн /Эрдэм итгэмжит буюу Найдан, Олон бурхдын, Номын сангийн, Лаврин гэсэн 7, европ маягийн 2 давхар Өвлийн зэргээс бүрдэнэ. Мөн музейн урд талд Халхавч буюу Ямпай хаалга, ямба ёслолын үеэр ордог байсан Асарт 3хаалга, Монголын туурга тусгаар байдлыг бэлгэдсэн Амгалан Энхийн хаалга, тугны 2 багана зэрэг байдаг. Манай музейд XYII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх,урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд, тухайн үед амьдарч асан нэрт урчууд, дархчууд, Анхдугаар Богд өндөр Гэгээн Занабазар, түүний сургуулиар урлаж бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шүтээн зураг, цаасан шуумал болон YIII Богд Живзундамба, хатан Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эдлэл дээл хувцас тэргүүтэн болоод гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн өргөл барьц бэлэг дурсгал, худалдаж авсан эд зүйлс бүхий түүх соёлын дурсгал 4200 гаруй дэсийн 8600 гаруй хадгалагдаж байна.