Өмнөговь аймгийн музейн виртуал аялал

Өмнөговь аймгийн Музей нь 1948 онд Гэгээрлийн хэлтсийн дэргэд 50ш үзмэртэйгээр анх байгуулагдсан байна. Аймгийн музей нь түүх угсаатны зүйн үзүүлэнтэй бөгөөд дэргэдээ Байгалийн музей, Тэмээний үзэсгэлэн музей гэсэн хоёр салбартай. Тус музей нь говьчуудын уламжлалт зан заншил, тэдний ур ухаан хөдөлмөрөөр бүтсэн биет болон биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан таниулах, сурталчлах хойч үедээ өвлүүлэн уламжлах, үлдээх зорилготой. Музей нь 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгатай.Нийт 15 гаруй ажилтантай, жилдээ гадаад дотоодын 20.000 гаруй хүнд соёлын үйлчилгээг түгээж байна. Аймгийн музейгээс Ноён Сэврэйн дархчуулын өвөрмөц хийц бүхий мөнгөн аяга / аймгийн 9 гайхамшгийн нэг / гоёл чимэглэл, сав суулга, шашны холбогдолтой зураг, зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл төмрийн үеийн олдворуудтай танилцах болно.Тус аймгийн нутагт одоогоос 4500 - 5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “ Оцон мааньд” “Баянзаг”, “Чоно шургуул “зэрэг газруудаас олдсон эд өлгийн зүйлс, палеонтологийн олдворууд, мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээсэн бүтээлийн дээжис үзэгч таны нүдийг булааж сэтгэлд нэгийг бодогдуулан, мэдлэг оюунаа хөгжүүлэхэд тань тус дэм болно гэдэгт найдаж байна.