Монголын үндэсний музейн виртуал аялал

ХХ зууны эхээр монгол оронд өрнөсөн хоёр хувьсгалын үр дүнд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо эргүүлэн авсан төдийгүй тухайн үеийн нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд томоохон өөрчлөлт, шинэчлэл гарав. Соёл, шинжлэх ухааны салбарт гарсан нэг томоохон ололт нь уламжлалт туршлага, өвдөө тулгуурлан орчин цагийн музей байгуулсан явдал юм. 1921 онд хувьсгал ялсны дараагаар музей байгуулах бэлтгэл ажлыг Судар бичгийн хүрээлэн голлон хариуцаж, ...1924 онд Богд гэгээний дэргэдийн үзмэрийн зүйлд байсан зарим хэсэг юмыг шилжүүлэн... хүлээн авч, анх Жонон ван Ширнэндамдингийн хашаа байшинд хадгалж байгаад 1924 оны эцсээр албан ёсоор нээж, Жамъяан гүнг даргаар томилжээ. Энэ музей нь өнөөгийн Монголын үндэсний музейн эх үүсвэр байсан бөгөөд түүхэн хөгжлийнхөө явцад олон удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн юм. 1931 онд “Хувьсгалын музей”, 1940 онд “Орон нутаг судлах Улсын төв музей”, 1956 онд ”Улсын төв музей”, 1971 онд” Монгол Ардын Хувьсгалын музей”, 1991 онд “Монголын Үндэсний Түүхийн музей”, 2008 оноос “Монголын Үндэсний Музей” болон өргөжиж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ. Монголын Үндэсний Музей нь Монголын музейн хөгжлийн түүхэн замналыг туулж ирсэн улсын тэргүүлэх музейн хувьд өнгөрсөн үеийнхээ баялаг туршлага, өв уламжлалдаа тулгуурлан монголчуудын түүх, соёлын өвийг олж илрүүлэх, хадгалж хамгаалах, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх талаар ирээдүйд чиглэсэн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л нөөц боломжоо ашиглан хөгжиж буй соёл, шинжлэх ухааны байгууллага юм. Цуглуулгын хувьд монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 000 орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага бөгөөд нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүлэнгийн танхимаараа дамжуулан үзэгчдийн хүртээл болгож байна.